патрик зюсскинд “гүн” богино өгүүлэ

Штутгарт хотын нэгэн залуухан зураач бүсгүйн анхны үзэсгэлэн дээр түүнийг дэмжихийг хүссэньnbsp; нэгэн шүүмжлэгч элдэв муу бодолгүйгээр:

-         Таны бүтээлүүд авъяас харагдаж байна, бас нүдэнд дулаахан юм, гэвч таньд гүн дутаж байна. гэж хэлж гэнэ.

Шүүмжлэгчийн яг юу хэлсэнийг залуу бүсгүй ойлгоогуй тул, удалгүй хэлснийг нь мартжээ. Гэтэл дараах өдрийн сонинд мөнөөх урлаг шүүмжлэгчийн буланд: “Залуу уран бүтээлч маань авъяаслаг бөгөөд анхны үзэмжээр түүний бүтээлүүд тун сэтгэл татам харагдах боловч, харамсалтай нь тэдгээр бүтээлүүд хангалттай гүн бус байна”  гэсэн байв.

Энэ үеэс хойш бүсгүй бодошролд орж гэнэ. Тэрээр өөрийн зурсан зургуудаа ахин дахин харж, хуучин зургийн хавтсуудаа ухаж эхлэв. Яг одоогоор ажиллаж байгаа бүх зургуудаа ч мөн ажиглав. Эцэстээ тэр будгийн савныхаа тагуудыг хааж, бийрээ арчаад цэвэр агаар амьсгалахаар гэрээсээ гарч одов.

Энэ орой тэр нэгэн үдэшлэгт уригдсан байв. Хүмүүс түүний авъяас билгийн талаар, нүдэнд тусах бүтээлүүдийх нь талаар шүүмжлэгчийн бичсэнийг цээжилсэн мэт давтаж байв. Гэвч бүсгүй түүний ард зогсох хүмүүсийн шивнээг анхааралтай сонсож танил зүйл сонсов:

-         Түүнд гүн алга. Авьяас чадвар байна, харамсалтай нь гүн байдаггүй.

Дараа долоо хоног залуу бүсгүй юу ч зурсангүй. Өөрийн байрандаа дуугүйхэн сууж, “яагаад надад гүн байдаггүй билээ?” гэсэн бодол хамаг толгой тархийг нь эзэмдэж, бодолд дарагдаж гэнэ..

Хоёр дахь долоо хоногт тэрээр ахин зурахыг оролдсон боловч эв муутай хэдэн таталбараас өөр юу ч гар доороос нь гарсангүй. Бүр олигтойхон зураас ч татаx бүү хэл, мань бүсгүйн гар хуруу чичирч, эцэстээ салгалан бийрээ будганд хүргэж чадахаа болив.

-Тийм байна, надад гүн алга! гэж тэр  дуу алдан уйлав.

Гурав дахь долоо хоног залуу бүсгүй урлаг соёлын томоохон ботиуд уншин, бусад зураачдын бүтээлийг анхааралтай судлан зургийн галерей, музей үзэж эхэллээ. Тэр номын дэлгүүр орж худалдагчаас дэлгүүрт нь зарагдаж буй хамгийн гүн номыг асууж, Витгeнштайн гэгчийн айхтар зузаан ном сугавчлан одсон боловч, тэр номноос олигтой үр дүнтэй хариу олдсонгүй.

Хотын музейд гарсан  “Европын таталбар ба хар зургийн 500 жил” үзэсгэлэнд ангиа дагуулан явж буй урлаг хүмүүжлийн багштай бүсгүй тааралдан тэдэнтэй нэгдэв. Tэрээр Леонардо Да Винчийн нэгэн xap зураг тайлбарлах үед бүсгүй хүүхдүүдийн өмнө гарч, багшаас нь:

-         Уучлаарай, та надад энэ зурганд гүн бий эсэхийг хэлж тайлбарлаж  өгөхгүй юу? гэхэд

Багш жуумалзан инээж:

“Xэрэв та надтай даажигнахаар шийдсэн бол өглөө эрт боссон чинь дээр дээ” хэмээн хариулж гэнэ.

Ангийнхан тэр чигээрээ үнэн голоосоо хөхрөлдөцгөөлөө. Харин залуу бүсгүй гэртээ харьж гутран уйлав.

Үүнээс хойш мань бүсгүй жигтэй сонин болж эхлэв. Тэр урлангаасаа холддоггүй байсан боловч,  ажиллаж чадахгүй хэвээрээ байлаа. Сэргэлэн цовоо байхын тулд тэрээр эм ууж эхэлсэн хэрнээ, ямар зорилготойгоор сэргэлэн цовоо байх учраа ч мэдэхээ болив. Oрондоо орж, гүн нойронд   автахаас айдаг болсон тэр ядарч сульдахдаа суугаагаараа сандал дээрээ зүүрмэглэчихдэг болов. Бүсгүй архи дарс ууж эхлэн, шөнөөр гэрлээ унтраалгүй орхидог болов. Түүнд дахин зурах зүрх хүрсэнгүй.

Нэгэн удаа Берлинээс эртний эдлэл цуглуулагч нэгэн утасдан, түүнээс хэдэн ноорог зураг шуудангаар явуулахыг хүсэxэд, бүсгүй хариуд нь: “намайг тайван орхи, надад гүн байхгүй” гэж хашгиран, харилцуураа шидэж гэнэ.

Бүсгүй үе үе баримлын шавраар оролдоод суудаг байсан боловч, гараас нь гарсан зүйл нь тодорхой бус, дэмий зүйлс байлаа. Хурууны үзүүрээ л баримлын шаварт хүргэн түүгээрээ жижигхэн бөмбөлгүүд хийдэг болов. Гадаад байдлаараа ч дордож хувцас хунартаа анхааралгүй, гэрээ ч цэвэрлэхээ болилоо.

Найз нөхөд нь байгаа байдалд нь  санаа зовниж байв. Tүүнийг хямралд орсон, туслах хэрэгтэй гэж хэлэлцэж гэнэ.

“Энэ хямрал нэг бол хувь хүний чанартай, нэг бол уран бүтээлч хүний хямрал эсвэл бүр санхүүгийн  хямрал байж мэднэ.  Эхнийх бол бид яаж ч чадахгүй, хоёр дахь тохиолдолд тэр өөрөө энэ асуудлаа шийдхээс өөр аргаггуй, харин гуравдахь бол бид түүнд хөрөнгө мөнгө нийлүүлэн туслаж болох юм, гэхдээ энэ түүнд тааламжгүй байх болов уу” гэж хэлэлцэцгээлээ. Ингээд найзууд нь хаа нэгтээ үдийн хоол юмуу үдэшлэгт урихаас хэтэрч чадсангүй. Тэр бүхэнд бүсгүй ажил ихээр шалтаглан татгалзана. Үнэндээ тэр огт
ажиллаж байсангүй, харин гэртээ суун баримлын шавар нухаж байлаа.

Нэг удаа энэ байдалдаа тэвчээр алдарч нэг урилга хүлээн авав. Бүсгүйг таалдаг байсан нэгэн залуу эр үдэшлэг тарсаны дараа нэгэнт тодорхой зорилгоор гэрт нь хүргэж өгөхийг хүчлээ. Залуу ч мөн бүсгүйд таалагддаг байсан тэрээр зөвшөөрсөн ч өөрт нь гүн байхгүй гэдэгт бэлтгэлтэй байх тухай сануулчихав. Үүнийг сонсоод залуу шийдвэрээ өөрчилж гэнэ.

Хэзээ нэгтээ сайн зурдаг байсан залуу бүсгүй маань өдрөөр бус цагаар доройтож байлаа. Ахиж тэр хаашаа ч гарсангүй, бас хэнийг ч гэртээ урьж залсангүй. Хөдөлгөөн дутмагаас таргалж, эм архи хэт их хэрэглэснээс маш хурдан өтлөж эхлэв. Өрөө нь ялзарч, өөрөөс нь илжирсэн үнэр ханхалж эхлэв.

Тэртээд бүсгүй гучин мянган марк өвлөж авсан аж. Үүгээрээ гурван жил амьдарлаа. Нэг удаа тэр Неaполь руу аялсан бөгөөд хэрхэн, ямар учир шалтгаан, ямар зорилготойгоор гэдгийг нь хэн ч мэдсэнгүй. Түүнтэй ярилцахыг оролдсон болгон хариуд нь учир нь олдохгүй бувтнаа л сонсдог байв.

Мөнгө дуусахад бүсгүй өөрийн бүх зургаа урж хайчлан цоолоод, телевизийн цамхаг дээр авиран, 139 метрийн өндрөөс үсэрч гэнэ. Гэвч тэр өдөр их хүчтэй салхитай байсан тул бүсгүй цамхагийн доор асфальтан дээр унасангүй: салхи түүнийг тариалангийн талбайн цаадах ойн захад гацуур модны оройд хийсгэж хаяв. Гэсэн төдий бүсгүй газар дээрээ нас барлаа.

Шар сонингууд энэ явдлыг баяртайгаар өлгөн авав. Амиа хорлолт, тэр тусмаа сонирхолтой нислэгийн хазайлт, хэргийн эзэн нь цагтaa өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлчээс гадна,  гадаад үзэмж сайтай царайлаг бүсгүй байсан нь мэдээллийн үнэ цэнийг өндөрт хадаах нь дамжиггүй байв.

Талийгаачийн орон сууцны байдал нь аймшигтай байсан нь гэрэл зурагчдын сонирхлыг ихээр татаж гэнэ: хэдэн мянган хоосон лонхнууд, хаа сайгүй сүйтгэн цоолсон зургууд, ханаар нэг наалттай баримлын шаврын үлдэгдлүүд, тэр ч бүү хэл өрөөний булан тохой дахь ялгадас!

Сонины хэлтэс нэмэлт 3 нүүр хэвлэхээр шийдэж, шинэ мэдээллийн булан нэмэв.

Утга зохиолын буланд мөнөөх анхачлан дурьдагдсан шүүмжлэгчийн залуу эмэгтэй ийм аймшигтайгаар амиа егүүтгэсэн тухай түүний эгдүүцэл ба харамслаар дүүрэн нийтлэл хэвлэгдсэн байв. Тэрээр бичихдээ:

“Дан ганц төрийн туслалцаа ба хувь иргэн хүний дэмжлэг хангалтгүйг ахин дахин тодоор харуулж, эцэстээ хүнлэг орчин тойрны  халамж ба урлаг соёлын ухаалаг хамтын ажиллагаа хэр чухал болхыг дахин дахин санууллаа. Уг гунигт явдлын учир шалтгаан нь хувийн шинж чанартай байсныг дурьдахад илүүдэхгүй билээ гэж нэмж хэлмээр байна. Бид бүгд анхааралтайгаар ажиглах юм бол, энэ будаг холилтоор харуулсан өнгөний эргүүлэг ба тэр дотогшоогоо мэрэх мэт зангиралдсан хэлбэр дүрсээр харуулсан, айдас хүргэм хоёрдолтыг юугаар тайлбарлах билээ? Сэтгэлийн хөдөлгөөнөөр бялхатлаа дүүрсэнээ харуулсан тэр бүтээлч хүний өөрийгөө сөнөөх хүсэл хаанаас гарна вэ?

Уг үхлийг совнисон, гүнийг хайсан энэ тэмүүлэл хаанаас гаралтай вэ?”

Төгсөв.

Герман Орос хэлнээс орчуулсан:
АмонРа
Фриска

2009 он, 5.04.

@Фриска: чи шүү!

~ by AmonRa on June 8, 2010.

5 Responses to “патрик зюсскинд “гүн” богино өгүүлэ”

  1. Та 2-н ардаас би шоо гсн😛

  2. Хүслийнжигүүр: Чи шүү!

  3. гоё😉

  4. gehdee l soniii /heleh yum ih baih bolovch, yg n olddoggui gedeg shig/ amonragiin ugnees hugasalaw

  5. Харин тиймээ. Гэхдээ хэлэх шаардлага байна уу, заримдаа ухаарлын бодол үгээр хэлэшгүй нэг тийм туршлага болоод толгойнд үлддэгээс хойно…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: